Monday, May 12, 2014

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд 100 хувь тэтгэлгээр сурах боломжтой

Сүүлийн жилүүдэд манай залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Гэвч ихэнх залууст сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа шууд төлөх хөрөнгө санхүүгийн боломж бололцоо хомс байдаг. Үүнийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зарлиг гаргасан. Тэгвэл уг зарлиг хоёр дахь жилдээ хэрэгжихэд бэлэн болжээ. 

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World Universities"(ARWU) жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд элссэн оюутанд мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр төлбөрийг нь олгохоор заасан. Өөрөөр хэлбэл,  дэлхийн шилдэг 100 их сургуулийн эхний 20-ийн аль нэгэнд суралцахаар болвол тухайн оюутан ямар ч мэргэжил сонгосон төрөөс санхүүжүүлнэ гэсэн үг. Харин дараагийн зэрэглэлийн буюу 21-100-д багтсан сургуульд суралцахаар бол байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан оюутанд тэтгэлэг олгоно. 

Мөн Ерөнхийлөгчийн зарлигт дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцохоор заасан. Тухайлбал, дэлхийд нэртэй Томсон Ройтерс байгууллагын "Times Higher Education World University Rankings"-ийн энэ жилийн үзүүлэлтээр АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль шилдгүүдийн хамгийн эхэнд бичигдэж, түүний дараа Оксфорд, Харвардын их сургууль жагссан бол 20 дугаар байранд Торонтогийн их сургууль багтаж, 100 дугаар байрт Английн Йорк их сургууль шалгарчээ. Энэ жагсаалтын эхний 50 байранд Азиас цөөн сургууль багтсанаас 23 дугаар байрт Токиогийн их сургууль орсон бол 26-д Сингапурын үндэсний их сургууль, 43-т Хонконгийн их сургууль, 44-т Сөүлийн их сургууль, 45-д Хятадын Бээжингийн их сургууль, 50-д Цинхуагийн их сургууль багтжээ. 

Тэгвэл "Academic Ranking of World Universities" жагсаалтыг Харвардын их сургууль энэ жил тэргүүлсэн бол Стэнфорд, Калифорниа зэрэг сургуулиуд удаалсан байна. Энэ жагсаалтын эхний 19 байрт АНУ, Английн их сургууль орсон бол 20-д Швейцарийн Цюрихийн технологийн институт орсон байна. Харин 21-т Токиогийн их сургууль шалгарчээ. Дээрх хоёр жагсаалтаас харахад Азийн хамгийн шилдэг сургуулиар Токиогийн их сургуулийг нэрлэж байна. Гэхдээ мэдээж дэлхийд дээд боловсролоороо тэргүүлэгч нь АНУ, Англи гэдэгтэй санал нэгдэхээс өөр гарцгүй гэдгийг жагсаалт баталж байгаа юм. Шилдэг их, дээд сургуулийн жагсаалт жил бүр шинэчлэн батлагддаг гэдгийг гадаадад тэтгэлэгээр суралцахаар сонирхогчдод сануулах нь зүйтэй болов уу. 

Дээрх сургуулиудад элсэх урилга авахын тулд оюутан тухайн сургуульдаа өөрийгөө танилцуулж суралцах өргөдөл, хүсэлтээ гаргахаас гадна сургуулийн зүгээс гаргасан шалгуур, шалгалтыг давах ёстой. Мөн Монголын төрөөс санхүүжилт авахын тулд оюутан өөрөө БШУЯ-нд албан ёсоор хүсэлтээ гаргах учиртай юм. Хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох энэ сургалтын төлбөрийн зээлийг жил бүр хяналтын тоонд багтаан тодорхой шалгаруулалт, ярилцлагын дүнг харгалзан оюутнуудад олгох юм. Гэхдээ хоёр орны хэлэлцээрийн дагуу элссэн болон үндсэн ангиас бусад ангийн оюутнуудад энэ зээл хамаарахгүй гэдгийг журамд заажээ. 

Өмнө нь, төрийн сангийн зардлаар гадаадад сурчихаад тэндээ амьдарч, ажиллах тохиолдол гарч байсан учраас өнгөрсөн жилээс эхлэн Төрийн сан болон суралцагчийн хооронд гэрээ хийж эхэлсэн. Ингэхдээ сурлагын голч дүн, барьцаа, гэрээ сунгах нөхцөл, чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нарийн тусгах аж.
Тэтгэлэгт хамрагдах сонирхолтой иргэдийг энэ сарын 17, 18-ны өдрүүдэд 09:00-17:00 цагт БШУЯ-нд бүртгэнэ. Шалгаруулалтыг баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага гэсэн үе шаттайгаар зохион байгуулж, 100 хүртэлх оноогоор дүгнэх юм байна. 
Эх сурвалж: www.assa.mn

0 comments:

Post a Comment